Wednesday, March 19, 2014

"явдаг реклам" байх нь мэдрэмжгүй зүйл?

"Брэнд" рүү хамгийн ихээр хошуурдаг улсуудад сэтгэхүйнд өөрчлөлт гарч, үнэтэй брэндүүдийн "явдаг реклам" байх нь мэдрэмжгүй зүйл гэж үзэх чиг хандлага тархаад байгаа нь анхаарал татав. Брэнд, брэнд гэхийн оронд өөрийнхөө онцлог, мэдрэмжинд таарсан зүйлийг илүү сонирхох хандлага газар авч байгаа бололтой...
Япон
Кимоно гэхээсээ брэнд цүнх тодорхойлолт нь болсон бүсгүйчүүдийнхээ ачаар саяхныг хүртэл дэлхийд #1 брэнд хэрэглэгч үндэстэн байсан Япончуудын 51% нь брэндээр "гайхуулах"-ыг сайхан зүйл гэж бодохоо байж (2010: 24%-->2013: 51%).
Япончууд хэр их брэндэд дуртайг доорхи статистик тоонууд харуулах байх:
1. 2011 оны байдлаар брэндүүдийн нийт орлогынхоо хэдий хэмжээг Японоос олсныг үзвэл:
Tiffany, Hermès, Coach, Bulgari--тус тус 18%, Gucci--14%, LVMH--9%, Burberry--8%.
2. 2009 оны байдлаар Японд байсан брэнд дэлгүүрүүдийн тоог эдийн засгийн хэмжээ, хүн амын тоогороо ч бараг 3 дахин том Америктэй харьцуулвал Burberry Японд 75 харин Америкт 32, Hermès 64 ба 30; Prada 35 ба15; Bulgari 31 ба 17 гэсэн тоо байна.
Япончуудын ийнхүү брэндэд хошуурах болсон нь эдийн засаг нь үсрэнгүй хөгжсөн 70-80-аад оноос эхлэлтэй. Дайны нуранга дундаас босч амьдралын түвшин нь гэрлийн хурдаар сайжирч, эд баялгаар бялхаж эхэлсэн тэр үед баячуудаас гадна дундаж давхаргынхан ч Европын үнэтэй чанартай брэнд бүтээгдэхүүнд дурлах болж. Ингээд барууны брэнд бүтээгдэхүүн Японы нийгэмд нэр төр, статусын илтгэгч болж, эдийн засаг нь зогсонги болсон 90-ээд онд ч сурсан зангаа тавилгүй үргэлжилж. Япончууд ид үедээ дэлхийн зах зээл дээр зарагдаж байгаа брэнд бүтээгдэхүүний 1/3-ийг худалдан авдаг байж.
Гэхдээ нэг үе 10 жилийн сурагчаас тэтгэврийн эмээ хүртэл бүгд брэнд бүтээгдэхүүн рүү хошуурдаг байснаа одоо уйдаад өөрийнхөө онцлогт яг тааруулж сонголт хийдэг болж байгаа нь Япон хэрэглэгчдийн амт мэдрэмж боловсорч байгаатай холбоотой. Нэг ёсондоо Оскарын улаан хивсэн дээр давхцсан үсний засалт, нүүр будалт, хувцастай одууд байдаггүй шиг нэг хэсэг бусдыг дагаж давхисан хэрэглэгчид өөрийн давтагдашгүй өнгө төрхийг эдэлж хэрэглэж байгаа зүйлээрээ илэрхийлэхийг хүсэх болсон нь энэ. Тэгээд энэ сэтгэхүйн өөрчлөлт сүүлийн үеийн байгалийн гамшиг (3/11), эдийн засгийн байдал (2008, енийн ханшийн уналт), мөн илүү хямд ч чанартай орлуулах бүтээгдэхүүн гарч ирсэн гэх мэт олон хүчин зүйлийн үйлчлэл дор маш хурдацтай үргэлжилж байна...
Хятад
Одоогийн байдлаар Хятад дэлхийн брэнд бүтээгдэхүүний 30% орчмыг худалдан авч, брэнд хэрэглэгч #1 үндэстэн болоод байгаа. Гэхдээ дотооддоо хийдэг худалдан авалт нь дэлхийн зах зээлийн 10% орчим гэхээр Хятад жуулчид л Америк, Европын, Японы брэнд дэлгүүрүүдийг "хоосолж" байгаа нөхдүүд болж таараад байгаа--Ази дахь брэнд бүтээгдэхүүний 50%-ийг Хятадууд авдаг бол, Европт 30%.
Японы 80-90 оны түүхийг давтаж байгаа Хятад хэрэглэгчид маш хурдан боловсорч байгаа нь гайхалтай. 2010 оны судалгаагаар 37% нь брэндээр гайхуулах нь мэдрэмжгүй гэж байсан бол энэ тоо 2013 онд 51% буюу Япон хэрэглэгчидтэй яг ижил түвшинд очиж.
Нэг л амьдрах болохоор гоё чамин зүйлсийг хэрэглэж үзэх л хэрэгтэй, эсвэл найз нөхөд ч юм уу хүрээллийнхнээ дуурайж, статусаа харуулах гэж, өөрөө сонирхолгүй ч магадгүй ажлын шаардлагаар гэх мэт үнэтэй брэндүүд хэрэглэх шалтгаанууд янз янз байх. Харин гэнэт баяжсан хэрэглэгчид нэг хэсэг учраа мэдэхгүй брэнд руу хошуурах хандлага газар авч байгаад ер нь "явдаг реклам" байх нь дэмий юм байна гээд дарагддаг бололтой...
Харин Монголчуудын брэндийн талаарх сэтгэхүй хэзээ хэрхэн өөрчлөгдөх нь сонирхолтой...

No comments: