Wednesday, April 9, 2014

Архитай ирээдүйд амьдарцгаая!

"Архигүй ирээдүй", "архинаас татгалзъя" энэ тэр гэх нь зөв юм шиг хэрнээ нэг л логик буруу санагдаад байдаг юм. Согтууруулах ундааны хэрэглээ асуудал үүсгэх нь бий ч асуудал нь өөрөө архи мөн үү биш үү..? 

Уул нь 1 хүний хувьд согтууруулах ундаа асуудал болоод байвал асуудал архинд биш тэр хүнд л байгаа хэрэг. Харин нэлээд хэсэг хүмүүс архинд живэх гээд байвал нийгэм нь өөрөө асуудалтай байна гэсэн үг. Энгийн ойлгомжтой л зүйл. Гэтэл архийг муу гээд, хорьж хязгаарлах гэж оролдоод байдаг нь сонин. Зүйрлэвэл, асуудлын шалтгааныг шийдээгүй, шинж тэмдгийг нь л дарах гэж үзээд байгаатай нэг их ялгаагүй.

Архи тийм жигшихээр муу зүйл үү гэвэл тийм биш. Ер нь үндэстэн бүр л будаанаас, тарианаас, сүүнээс гээд өөр өөрсдийн аргаар архийг гарган авч, бараг л үүссэн цагаасаа өдийг хүртэл өргөнөөр хэрэглэсээр ирсэн. Цаашдаа ч хэрэглэсээр байх биз. Архи сайн social lubricant болдог, өдөр тутмын стрессээс түр холдуулж өгдөг нэг хэрэгсэл болохоор уудаг хүмүүс огт уудаггүй хүмүүсээс урт насалдаг. Мөн архийг хэрэглээд сурчихсан хүмүүс элдэв хэрэг тарьчихаад буруугаа архинд чихээд зогсож байдаггүй, харин чөлөөтэй хэрэглэж үзээгүй хүмүүс л ууснаа шингээж чадахгүй хүнд болон өөртөө гай тарьж явах нь их.

Тийм байтал муу гэж үзээд хорих нь нэгт үр дүн муутай, хоёрт сөрөг үр дагавруудтай. Жишээ нь, хэдий хорьсон ч Монголчууд 12:00-оос хойш архи уудаг уу уудаг, сар бүрийн эхэнд архи уудаг уу уудаг. Ер нь хорьсноор архины наймаа, хэрэглээ далд хэлбэрт шилжихийн зэрэгцээ хээл хахууль хөгжүүлэх л үр дагавартай. Мөн хүмүүс орлуулах зүйл хайн техникийн спиртээс эхлээд өөр мансууруулах бодис, эм энэ тэр ууж хордох тохиолдол түгээмэл байдаг.

Архитай тэмцэж буй арга нь коммунизм бүтэхгүй ээ гэдэг шиг ийм энгийн ойлгомжтой зүйл байтал өөр аргаар үзье гэхгүй, өөрчлөгдөхгүй яваад байдгийг ойлгодоггүй юм. Эсвэл архи ууж байгаа цаад шалтгааныг нь шийдэх нь архийг хорихоос хамаагүй хэцүү болохоор зүгээр л аль амрыг нь сонгочихдог юм болов уу..?

No comments: