Monday, February 24, 2020

Хулгана жил

Ингээд нэгэн шинэ жаран эхэллээ. Сонирхолтой тохиолдол. Энэ жилийн цагаан сараар
вирусын эрсдэлээс сэргийлэхийн тулд бүгд гэр гэртээ байж, цахим золголт хийхийг уриалж буй.
Миний хувьд энэ жил аав ээж дээрээ ч очихгүй, айл ч хэсэхгүй. Нэг ном, нийт 194 хуудас
материал редакторлох ажилтай. Битүүний ѳдрѳѳс эхлээд нухаад л сууж байна.
Үлдсэн амралтын ѳдрүүдэд цаг нэмж гарвал кино үзэх, бага зэрэг унших бас бичих тѳлѳвлѳгѳѳтэй. 

Ер нь ѳдѳр бүрийг сайн ѳдѳр, зүг бүрийг сайн зүг гэж боддог учир шинийн нэгэн,
мѳр зүг чиг гаргах, засал ном уншуулахад тѳдийлѳн ач холбогдол ѳгдѳггүй.
Оюутан байхаас л 1-2 сар бол номын санд сул суудал олддоггүй шалгалтын галзуу үе байсан.
Цагаан сар гэж сатаарч тансаглах цаг нэг их байгаагүй. Тэглээ гээд муудсан зүйл байхгүй,
харин шалгалтандаа бол сайн дүн авдаг байсан. Одоо бол ѳглѳѳний нар луу хараад,
байгаа зүйлдээ талархаад, дотны хүмүүсээ санаад, цаашид хичээх зүйлээ бодчиход л болдог.
Шинийн нэгэн гэлтгүй ѳглѳѳ бүр хийдэг зүйл тул энэ ѳдѳр ч ялгаагүй. Харин заавал
сонин дээр заасан геометрийн ѳнцѳг гаргаж алхах, мэдэхгүй маань таринаа үсэглэн 21 уншиж, цаас урж тасдаад ийш тийш нь шидэх шаардлага байхгүй. Хогоо бол гаргаад тавьчихсан. 

Уул нь хүн тархиндаа, зүрх сэтгэлдээ зүг чигээ олоогүй бол махан биеэ ямар ч уул овоон дээр
аваачаад, ямар ч ургах нарыг хараад, хэдэн ч маань тарни уншуулаад хийморь сүлд нь
сайжрахгүй л болов уу. Буддийн сургаaлиуд ч, сэтгэлзүйн шинжлэх ухаан ч тэр, ямар нэг далдын
хүч биш, харин хүн ѳѳрѳѳ ѳѳрийгѳѳ л аварна гээд байгаа. Монголд нэг шүүмжлүүштэй зүйл нь
цагаан сар хэт агуулгыг нь ойлгоогүй маань тарнид итгэсэн, хэт материалист, хэт консюмерист,
хэт дүр эсгэсэн баяр болчихсон санагддаг. Утга учрыг нь ойлгоогүй засал номууд хийлгэнэ,
ѳмсѳхгүй хувцсаар гоёно, идэхгүй хоолоор ширээ дүүргэнэ, хэрэггүй бэлэг солилцоно, агуулгагүй
яриа ѳрнүүлнэ. Яг үнэндээ золгосон нь ч, золгуулсан нь ч эцэж ядраад, хэн нь ч таатай мэдрэмжтэй
үлдэх нь бага ч юм шиг. Санхүүгийн хувьд ч үр ашиггүй. Яг утга учир нь юунд вэ?

Гэхдээ бусад хүнийг judge хийхгүй. Ѳѳрийн бодол ѳѳртѳѳ л зѳв байх. 




No comments: